Motorcycle Diaries




Хувьсгалч гэж тусдаа цаанаас бэлтгэгдсэн онцлог хүн биш. Тэр бол ард түмний хүүхэд. Жирийн эцэг эхийн дундаас гарсан бодгал. Энэ бол бодит хууль. Ленин, Гитлер, магадгүй Сүхбаатар, эдний нэгэн адил Эрнесто Че Гевара ч мөн адил эгэл жирийн амьдралтай гэр бүлд өсөж өндийсөн хүн. Ямар нэг салбарт өөрийн гэсэн өнгө аяс, шинэ зүйл оруулж ирсэн агуу хүмүүс, хувьсгалчид ихэнхдээ энгийн гэр бүлээс гаралтай байдаг билээ. Эгэл жирийн амьдралд хэн илүү ойр амьдарч байна тэр хүн л бусдын зовлонг маш сайн ойлгоно, тэр чинээгээр олон хүний талархлыг хүлээнэ. Бусдад хэдий чинээ ойлгомжтой байна, тэр хүнийг бусад нь дагана.

Марксист үзэл онолоор цэнэглэгдсэн залуу хувьсгалч Че нийгмийн анги давхарга хэт их гүнзгийрснийг хүлээн зөвшөөрч үл чадна. Тэрээр бас эмч мэргэжилтэй. Ер нь эмч нар аливааг сэтгэл зүрхэндээ их гүн гүнзгий мэдэрдэг байх гэж ойлгодог юм. Залуу эмч Эрнесто найз Албертогийн хамт Латин Америкийг хөндлөн гулд мотоциклоор туулах болно. Тэдэнд мөнгө байхгүй, гэвч тэдэнд зорилго бий. Ялангуяа Эрнестод маш том зорилго бий. Тэр Латин Америкийн ард түмний амьдралтай танилцах, цаашлаад бүх латин америкчууд нэгдэн коммунист хувьсгал хийх ёстой гэж үздэг. Аяллын турш тэд элдэв асуудалд өртөнө, мөн төрөл бүрийн хүмүүстэй дайралдана. Мөн тэдний асуудал үргэлж найз нөхөрлөл, сайн санааны дагуу бүтнэ. Ер нь замд, шинэ таньж мэдэхгүй газар явахад хүний зорилго хамгийн чухал байдаг. Том зорилготой хүний өмнө бүгд мэхийн, аль болох тус болохыг хичээдэг нь хаа ч илэрдэг билээ.



Энэхүү киног Эрнесто Че Геварагийн Латин Америкаар аялсан тэмдэглэл номноос нь сэдэвлэн бүтээжээ. Че Гевара бол латин америкчуудын шүтээн нь болж чадсан хүн юм. Тэрээр Кубын хувьсгалчидтай нэгдэн Кубад коммунист хувьсгал хийсэн хүн билээ. Тэрээр киноны эхний хэсэгт энгийн хүмүүсээс тусламж гуйн аяллаа үргэлжлүүлэх болно. Энэ нь киног нэгэн хэвийн тоочсон байдалд оруулж буй боловч, тэд хаана ч нэгэн адил байгааг л харуулах гэсэн бололтой.

Улмаар тэд нэгэн тусгаарлагдсан эмнэлэгт ирнэ. Эрнесто энд хүмүүсийг эмчлэхээр ирэхэд тэдний эмч нар өвчтөнүүдтэй гар барихдаа бээлий өмсөхийг зөвлөнө. Гэвч тэр нүцгэн гараараа тэдэнтэй мэндэлнэ. Өвчтөнүүд болон эмч нар тус тусдаа голын хоёр эрэгт байрлана. Эмч нар өвчтөнүүд рүү завиар очно. Өөрөөр хэлбэл, анги давхаргын ялгааг л хэлж буй зохиолчийн санаа юм.

Эрнестогийн төрсөн өдрийг тэмдэглэн эмч нар үдэшлэг зохион байгуулж байна. Бүжиг дуусаж Эрнестог хундагны үг хэлэхийг хүснэ. Эрнесто тэдэнд Латин Америкийн ард түмний ядуурал, анги давхаргын ялгаа, Пан-Америкийн үзэл санаа, коммунист пролетарийн хувьсгал хийх шаардлагатай тухай урт илтгэл тавина. Энэ нь түүний анхны улстөрийн чанартай илтгэл байсан юм. Түүнийг сонсож байсан эмч нар таг чиг болж, алга таших эсвэл эсэргүүцэхээ ч үл мэдэн гөлөрнө. Энэхүү урт аялалд явж ирсэн анд нь ч хүртэл үл ойлгон алмайрна. Энэ бол хэр баргийн хүмүүст тохиолдох зүйл биш. Аливаа илтгэлийн дараа хүмүүс ямар нэг хариу үйлдэл үзүүлэх ёстой. Гэтэл тийм зүйл болсонгүй. Хүн ер нь сонсож буй зүйлийнхээ тухай ойлголттой байж л түүнд хариу үйлдэл үзүүлдэг билээ. Харин огт ойлгохгүй зүйлдээ зөвхөн бусдыг л харах болно.

Энэ сонин илтгэлийн дараа Эрнесто хаашаа очих ёстойгоо сайн ойлгов. Тэр ард түмэн, өвчтөн рүү очих ёстой билээ. Тэр өөрийн уушигны хүнд өвчнийг, өргөн голыг үл ойшоон нөгөө эрэг рүү сэлнэ. Араас нь түүний найз Алберто болон эмч нар хашгиран буцахыг хэчнээн шаардавч тэр цааш сэлсээр… Түүнийг нөгөө эрэгт өвдсөн зовсон жирийн хүмүүс хүлээж байв. Тэд түүнийг илүү сайн, илүү хурдан сэлээрэй хэмээн дэмжинэ. Ийнхүү зовлонд нэрвэгдсэн ард олон алдарт хувьсгалч, зоригт баатар Эрнесто Че Гевара хүүгээ тал талаас нь өргөн тосож авна.

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.