Тэр жил 1989 оны зун би 9 настай жаал хүү байлаа. Өвөөгийнх маань гүн цэнхэр Хөвсгөл нуурын эрэг дээрх нар хамба, нанжин Хатгал гэдэг хотод байв. Усан зам буюу далайн тээвэр бүхий боомт сууринд нарийн, нандин бараа таваар элбэг тул тийнхүү нэрэлдэг байж.
Үнэхээр л том хот шиг нэг дор социалист орны олон чухал бааз, үйлдвэр, обьектууд төвлөрсөн газар байх. 24 –р бааз, нефть бензин тээвэрлэдэг цисчер бааз, дамжлага бааз, зөвлөлт манай хоёроос орж гарч буй бүхийл материал баялаг дамжина, усан зам, монголын цорын ганц усан зам буюу далайн тээвэр хийдэг байгууллагууд байралдаг байв. Ийнхүү улсын хэмжээнд хотын статусыг хангахуйц олон обьектууд энд байралдаг байв. Одооч тэр манай улсын маш том эдийн засгийн хөшүүрэг болох аялал жуулчилалын цогцолбор парк гэгдэн гялалзах аж. Соёл иргэншил үргэлж их усны эрэг дагаж хөгждөг нь дэлхийн түүхээр батлагдсан зүйл. Энэ л хотод битөрсөн билээ. Аав, ээж маань ажил сургууль гээд аймгийн төв болох Мөрөнд амьдардаг байв. Харин би Хатгалд өвөөгийндөө өссөн юм.
Миний өвөөг Ламжав гэдэг байв. Ээжийн минь аав. Өвөөгийн ганц зээ гээд л би түүнийг байнга чиргэлдэж явдагсан. Өвөө эмээ хоёр маань 11 хүүхэд төрүүлж өсөгсөн хүмүүс. Эмээ маань намайг хоёр настайд бурхан болсон. Хамгийн бага ахыг маань Уламбаяр, Умбаа гэж дууддаг байв. 1989 онд Умбаа ах маань 10-р ангиа төгсөж байсан үе. Харин би 3-р анги дүүрэгсэн байв. Улс орон даяар ардчилалын салхи үнэртэн залуу хүн бүрийн хамарыг цоргиж эхэлсэн үе. Умбаа ах маань Хонх хамтлагийн дууг их сонсоно, дагаж дуулна, гитардана. Мөн тэрээр германд сурдаг Гүнээ, Дэгээ ах, Энхээ эгч бидэнд ганган чамин хувцас их авчирч өгдөг тул тэр их ганган хүн. Мөн үеийнхэн дундаа нэр хүндтэй атаман. Тэр жилийн зун өвөө бид гурав л гэртээ амьдарч байв. Хаяа өвөөг гадагшаа гарсан үед Умбаа ах намайг шоглоно. Гэрийн ажил хийсэнгүй гэж заримдаа хөнгөхөн алагдуулна. Гэхдээ ах маань намайг зэмэлсэнийхээ дараа байнга арагдан тайтгаруулдаг байв. Нэг өдөр Хуягаа бид хоёрыг тамхи уушиглуулчихаад араас нь нэг литр ус уулгаж дэглэв. Бид хоёрын толгой эргэн бараг л бөөлжих шахаж байв. Бас нэг өдөр намайг бугуйн цаг алга болголоо гэж баахан загнаж амбаардав. Тэгээд бид хоёр цагаа эрж байтал харин нөгөө ганган електрон цаг нь өөрийнх нь хичээлийн формын энгэрийн карманаас гарч ирдэг байгаа. Тэр шударга бус зүйл хийсэндээ гэмшин намайг аргадаж эхэлхэд нь би тэсэлгүй цурхиртал уйлж билээ. Энэ бүхнийг би өвөөд ердөөч хэлдэггүй байв. Уул нь эрх хүүхэд өвөөдөө хэлж ховлох ёстой байх. Харин би бол үгүй. Би тэгэж хүмүүжээгүй юм. Ховлоно гэдэг хамгийн адгийн зүйл гэдгийг бяцхан тархиндаа ухаарсан байжээ. Хүүхдүүд ховч хүүхдэд их дургүй. Ховчоо ховол ховол, ховч хэлэн дээрээ 50 мөнгө тавиарай гэж тэднийг гадуурахдаг үе. Ер нь тэгээд нийгэмд ховч матаач хүмүүс хэзээд нэр хүнд муутай байдаг. Созиализмд ч тэр, Ардчилсан нийгэмд ч тэр. Америкт ховчуудыг SNITCH гэж нэрлэнэ. Тэднийг үзэн ядна. Манайд улс төрийнхөний дунд хаяа харагддаг. Хэсэг хугацаанд найзалж нөхөрөлчихөөд дараа нь бие биенийхээ булхиаг дэлэгдэг хүмүүс байдгийг та мэднэ. Би цэцэрлэгт хүмүүжээгүй юм. Нэг өдөр Энхээ эгч маань намайг гангалж байгаад цэцэрлэгт явуулдаг юм байна. Харин маргааш нь эгч намайг цэцэрлэгрүү авч явах гэхэд нь би дургүйцлээ илэрхийлэв. Энэ үед өвөө маань Яахийнбэ гэж хэлсэнээр тэрхүү утга учиргүй бужигнасан тэнэглэлээс аварсан юм. Гэхдээ тэр нэгхэн өдөр миний толгойд гүн шингэж үлдсэн байдаг. Би тэдгээр олон жоохон хүүхэд утга учиргүйгээр бужигнаж байгааг хараад үнэхээр гайхаж билээ. Ийнхүү би багадаа найз нөхөд багатай хүүхэд байв. Тэр зун миний найз Төрөө гэж хүүхэд байв. Тэр бид хоёрын нөхөрлөл тавин хувьд нь тоглож, үлдсэн хагаст нь Баяндалай ахынд чинь орж видео кино үзье хэмээн шалж өнгөрүүлдэг байв. Би түүний бяцхан найдварыг тасалчихгүйн тулд байнга амлалт өгнө. Яагаад гэвэл би шууд өөрөө дураараа кино авч үзэх эрхгүй байв. Тэр жилийн зун Баяндалай ахын маань 3 настай хөөрхөн жижигхэн охин Цэнд-Аюуш минь хатгаа авч хорвоог орхив. Үнэхээр гашуун зун. Тэгэхэд Умбаа ах маань маш ихээр гашуудан уйлж билээ. Байшингийн дотор чангаар цурхиран уйлж буй нь, гадаа байсан надад сонсогдож байсныг би мартдаггүй юм. Агуу том зүрхтэй хүн. Наадам болж хүн бүр гангарна, харин Умбаа ах нэг л сэтгэл дундуур байв. Тэр их ганган хүн. Охидтой ч их үерхэнэ. Царайлаг эгч нар байдагсан. Тэр жил ах эгч нар Германаас ирээгүй байсан тул, Умбаа ах баяраар өмсөх шинэ жийнсгүй юмсанж. Тэгээд л хуучин жийнсээ голно. Өглөө наадмын нээлтэнд очсонгүй. Харин оройхон оччихсон байхыг хараад би баярлаж байв. Ингээд би наадам тараад Төрөө найзтайгаа цуг манайд очив. Бид хэсэг тоглож байгаад тэр гэртээ харихаар явав. Хэсэг хугацааны дараа Төрөө гүйсээр ирэв. Тэгээд “ Умбаа ах чинь хүмүүстэй зодолдож байна,тэнд бөөн зодоон болж байна” гэсэн мэдээг надад дуулгав. Би маш их эргэлзэв. Өвөөд хэлвэл “ховолсон” гэгдэх болно гэж бодоод хэлэхгүй байхаар шийдэв. Оройхон тийшээ байдал бишдэн манайхан сандралдаж эхлэв. Умбаа ах хүнд хутгалуулчихаж гэсэн сэртхийлэгсэн мэдээ ирэв. Өвөө, ах эгч нар маань эмнэлэгрүү яаран гүйлдэж, намайг гэрт үлдээв. Тэр үед манай хашаанд гурван байшин байх бөгөөд Өвөөгийн, Дорж ахын, Баяндалай ахын байшингууд юм. Ингээд шөнө дөлөөр манайд баахан хүмүүс цуглав. Ах минь хорвоог орхисныг надад хэн ч хэлээгүйч, би өөрөө ухаарсан юм. Тэр шархандаа нилээд зовсон бөгөөд хутгалсан этгээдийг “буруугүй шүү” хэмээн орилж байсан гэдэг. Би ахынхаа үхэлд маш их гашуудсан, гэхдээ дотороо, сэтгэлийн гүндээ. Тэгээд ахыгаа мартахгүйгээр өдөр болгон дурсан бодож байя гэж өөртөө амалсан юм. Бас надад бяцхан эмзэглэл байв. Тэгэхэд би өвөөд хэлчихэдэг л байж.Тэгсэн бол байдал өөрөөр эргэх ч байсан юм билүү. Үүнийхээ тухай бас хэнд ч хэлсэнгүй. Гэхдээ энэ тухай манайхан мэдсэн ч байж болох юм. Яагаад гэвэл нэг өдөр Урнаа эгч “ чи яагаад ахыгаа зодолдож байхыг мэдсэн мөртөө хэлээгүй юм ” гэж асуув. Би хариулт хэлж амжаагүй байтал хажууд сууж байсан Өвөө маань эгчийн амыг тас хорив. 1990 он болж өвөл нь би аав, ээж дээрээ ирдэг бөгөөд Мөрөнд хичээлдээ явна. Яагаад ч юм ахын сонсож байсан кассетууд, хөгжим надад байв. Бүгд л хонх хамтлагийн дуу. Хонхны дуу биднийг сэрээ сэрээ ээ, Цаасан малгай аа, цаасан малгай аа, Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдна аа... Ийнхүү хүмүүс үгээ хэлж, сэтгэлийн гүнд нуугдсан бухимдал, шанлалаа дэлгэн эхэлж байв. Гэвч зарим хүмүүс одоо хүртэл үгээ хэлээгүй, ардчилалын мөн чанарыг ойлгоогүй яваад буй мэт. Тэдний нэгэнд би зарим талаар орж байна. Хэдийгээр би 9 настай жаал байсан ч тодорхой зэмлэл хүртэх ёстой. 1989 онд ахынхаа итгэлийг алдаж Ховч гэж үнэлэгдэхгүйн тулд гаргасан шийдвэр минь буруу байв. Та биднийгээ үүрд орхисон. Би ч бас буруутай. Харин та намайг буруугүй шүү гэж өмөөрөх байсан байх. Үгүй ээ ах минь, би үгээ хэлээгүйгээр буруутай. Бүгдээрээ үгээ хэлцгээе. 2007 он
No comments:
Post a Comment
Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.