Луугийн Зам



Аль бага нас, хүүхэд ахуйгаасаа л Брюс Лигийн кинонуудаас үзэж өссөн билээ. Энэ хүн бол кунфугийн хаан бөгөөд азийн кино урлагийг холивүүдэд гарахад чухал нөлөө үзүүлсэн хүн юм. Брюс Лигийн киног үзэж байхад хэзээ ч уйдахгүй. Тэр хичнээн сайн зодоонч байлаа гээд эцэгийнхээ хажууд, кино урлагийн тогоонд чанагдаж өсөөгүй байсан бол бид өнөөдөр кунфугийн хаангүй сууж байх байлаа. Би өөрөө хорвоод сураг ч үгүй байхад тэр аль эрт хийдгээ хийгээд хорвоог орхисон байжээ. Харин түүний үхлээс бүхэл бүтэн 20 жилийн хойно Монголд түүний кинонууд орж ирсэн байна. Брюс Ли кино жүжигчинээс гадна, кунфугийн мастер, найруулагч, философч, зохиолч байв. Түүний кино бол кино урлагийн нэгэн том эхлэл нь, түүний амьдрал бол амьд түүх, домог юмсанж. 

Сүүлийн хэдэн өдөр Брюс Лигийн кинонуудыг эргэж үзлээ. Хятадын дарга Монголд айлчилж байгаатай таарч буй үе юм. Тэр амьдралдаа олон кинонд тоглоогүй. Түүний бүтээсэн гол таван кино бол Том Босс, Уур хилэнт нудрага, Луугийн зам, Луугийн оролт, Үхлийн тоглоом гэх кинонууд юм. Эхний хоёр киног Хонг Конгын найруулагч Ло Вейтэй хамтарч хийсэн байдаг. Энэ хоёр киноны гол өгүүлэмж нь өшөө авалт юм. Өшөө авахын тулд Стэнли Кубрик тэвчишгүй хөгжимийг нь хүчээр сонсгодог бол Брюс Ли харин хүзүүг нь хуга мушгидаг. Ази маягийн соёлын ялгаа эндээс тодорно. Брюс Лигийн кинонд дайсан бол дайсан, тэднийг устгах л ёстой. Өөрөөр хэлбэл сайн хүн болж жүжиглээд амьд үлдээсэн чинь нөгөөх нь араас нь дайрахаар нь гэнэт эргэж хараад буудаж алдаггүй. Харин тэр дайсан дээрээ алах гэж л очдог, тэгээд түүнийг гүйцээдэг. Дээрээс нь Брюс Ли дайсантайгаа үнэн хүчээ л үздэг. Ялагдаж байгаад, ялагдахын даваан дээр сэргэлт авч дайснаа ялдаг нэг тиймэрхүү зохиолын хиймэл зүйл байхгүй. Ялсаар байгаал ялдаг. Дараагийн кинонууд баруунлуу, холивүүд руу чиглэсэн кинонууд юм. Ази европын соёлын ялгааг харуулсан байдаг. Нүцгэн европ хүүхэн өрөөнд ороод ирэхэд Брюс Ли гараад зугтчихдаг. Энэ тал дээр азиуд даруухан, ичэмтгий, америк европууд шиг хэт задгай биш, тийм л байсан даа.  

Хятадын кино 20-р зууны эхээр Шанхайд нэлээд хөгжиж эхэлж байсан байна. Гэтэл Японы түрэмгийлэл явагдаж тус хотод оршин тогтонох үндэсгүй болсон тул Хонг Конг руу нүүж эхэлсэн байдаг. Ийнхүү Хонг Конгын кино үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж эхэлжээ. Хонг Конгын киноны том үйлдвэрлэгч бол Голден Харвест юм. Үйлдвэрлэнэ гэдэг маань жинхэнэ үйлдвэрлэж байж. Зарим тохиолдолд зохиолгүй баахан зураг аваал, зодолдуулаал, ярианых нь оронд тоо тоолуулаал, студид ирж дуу оруулаал, эвлүүлээл, кино болгож гаргаж байсан байна. Голден Харвестийн эхлэлийн хэсэг бол Азийн 20-р Зуун Фокс, Универсал, Мосфильм шүү дээ. Брюс Лигээс эхлээл бүх кунфу мастерууд, шаолин, Жеки Чан, Само Хун, Иен Биао гэх томчуул эндээс гаралтай.




Брюс Лиг бид багадаа ойлгож үздэггүй байж. Тэр бидний төсөөлж байсан шиг мундаг зодоонч, атаман гэхээсээ илүүтэйгээр тэр бол философич, артист байсан байж. Хятадад маш олон бие хамгаалах урлагын урсгал байдаг аж. Эдгээр урсгал, чиг баримтлалуудын хооронд их зөрчил тэмцэл болдог байсан байна. Харин Брюс Ли урсгал буюу Стил надад чухал биш харин бие хамгаалах урлаг бол өөрийгөө илэрхийлэх арга хэмээн үздэг байж. Өчүүхэн хөдөлгөөн ч тодорхой илэрхийлэлтэй байдаг тул кинонд Брюс Ли заавал ярих шаардлагагүй бөгөөд зөвхөн өөрийн хөдөлгөөнөөрөө өөрийгөө илэрхийлэх урлагыг үзүүлдэг байжээ. Бие хамгаалах урлаг, оюун санаагаа давхар хөгжүүлэн амьдрах урлаг болгож чадсан хүн бол Брюс Ли юм. Түүний хэлсэн алдартай үг бол ус шиг бай найз минь гэж. 

- Нэг хэлбэрт бүү баригд, өөрчлөгд, өөр хэлбэр үүсгэ, томруул. Ус шиг бай. Хэлбэр дүрсгүй бай, ус шиг. Усыг шилэнд хийхэд шил шиг болно, аяганд хийхэд аяга шиг болно. Ус зүгээр л урсаж болно эсвэл ус эвдэн сүйтгэж ч чадна. Ус шиг бай найз минь. 

- Айдас тодорхойгүй байдалаас үүсдэг, бид өөрсдийгөө сайн таньж мэдсэнээр өөрсдийн айдасаа дарж чадна.

- Битгий бод, мэдэр ..... энэ яг л сар луу зааж буй хуруу шиг. Хэрэв чи хуруулуу анхаараад байвал сарыг харахгүй шүү дээ.

- Ялах, ялагдалтын талаар март, бахархал, өвдөлтийн талаар март. Өрсөлдөгчдөө цөм цохиул, эргүүлээд түүний ясыг хуга өшгил, түүнд ясаа хуга өшиглүүл, эргүүлээд түүнийг амийг автал цохь. Цаашаа харан бүү зугта, харин эргүүлээд амиа түүнд зориул.

- Би энэ дэлхийд чиний хүсэн хүлээсэн түвшинд хүрэх гэж ирээгүй, чи ч мөн адил энэ дэлхийд миний хүсэн хүлээсэн түвшинд хүрэх гэж ирээгүй.      







         

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.