Тайлал болон зангилааг эрж хайх шаардлаггүй

-Сайн байна уу. Та ямар шалтгаанаар “Сэтгэлийн зам” гэдэг киногоо хийсэн бэ?

-Сайн байна уу. Би энэ “Сэтгэлийн зам” гэдэг киног өөрийн амьдралд тохиолдсон үйл явдалыг тунгааж байж хийх санаа төрсөн. Энэ кино хэдийгээр эх, хүүхэд хоёрын тухай юм шиг кино боловч гол дүрийн залуугийн амьдралын замыг л харуулаад байгаа юм.
-Би үзсэн л дээ. Тэгэхээр үндсэндээ үзэгчид өөрсдийн амьдралын туршлага болоод нас хүйсээс хамаарч ялгаатайгаар тунгаах бодролыг тэд нарт өөрсдөд нь орхиж байгаа юм байна шүү дээ. Хүн юу ч гэж бодож болох нь байна, тийм үү. Тэрнээс биш ямар нэгэн үйлдлийг эхнээс дуустал эсвэл тайллыг хүлээх ёстой юм болуу?
-Тайлал болон зангилааг эрж хайх шаардлаггүйгээр л хийгдсэн гэж ойлгож болно. Бүх юмыг тайлбарлана гэдэг бол өөрөө үзэгчдэд ямар нэгэн байдлаар юмыг бэлдэж өгөөд байна гэсэн үг. Тийм бэлэн дүгнэлт болон тайлал, үйл явдлын агуу гоё явц, уярал, агуу гоё зураглал ч гэдэг юм уу тийм зүйл энэ киноноос олж харахгүй.
-За тэгвэл энэ кино яг ямар төрлийн кино вэ? Баримтат кино гэх үү, эсвэл уран сайханы кино руу орох уу?
-Баримтат кино гэхэд бас хэцүү. Уран сайхны сэтгэлгээний өгүүлэмж бүхий илэрхийлэл юм даа.
Тэгвэл өнөөдөр үзэгчид сэтгэлгээний киног хүлээж авах чадвар гэдэг юм уу, хөгжил хэр байна? Үзэгчид өөрдсөө бэлтгэгдэж чадсан уу?
-За үзэгчдийн хувьд хүнд цохилт болно. Дэлхийн хэмжээнд ч энэ төрлийн кино маш ховор. Тусгай кино сонирходог үзэгчдийн хувьд энэ бол байж болох юм аа гэсэн сэтгэгдэл үлдээх боловуу, бүр инээд нь хүрээд, нулимс нь гараад, хөл дээрээ дэвсэх шахуу үйл явдал ч болж магадгүй. Харин энгийн үзэгчдийн хувьд энэ кино яагаад гэсэн асуултыг гаргаж ирэхээс илүү, ямар ядаргаатай юм гэсэн асуудлыг өдөөж магадгүй. Энэ нь үзэгчид юмыг тайлбарлуулаад, үйл явдлыг төгсгөөд сурчихсан байдагтай холбоотой.
-Монгол үзэгчдийн хүлээж авах чадвар, түвшин арай болоогүй байна гэж та хэлэх гээд байна уу?

-Монголын үзэгчид гэхээсээ илүү би дэлхийн үзэгчид гэж шууд хэлнэ. Дэлхийн үзэгчид угаасаа иймэрхүү бэлэнчлэх систем рүү орчихсон. Цөөхөн хэдэн найруулагчдийн кино тэгэж тайлбарладаггүй. Энэ тал дээр бол үзэх харах юм маш цөөхөн байдаг.

-Сэтгэлгээний гэхээр найруулагчийн өөрийнх нь бодож байгаа, төсөөлж байгаа тэр төсөөлөл илүү чухал үүрэгтэй юу? Нийгмийн эмзэг, болж бүтэхгүй байгаа сэдэврүү өнгийх тусам илүү тэр нь төсөөллийн илүү сэтгэлгээний кино болох уу гэж би асуумаар байна л даа.

-Сэтгэлгээний кино бол илүү найруулагчийнх байдаг. Хүн сэтгэхдээ, гүн гүнзгий бодохдоо дээд ухамсарын зүйлсийг бодож эхэлдэг л дээ. Өөрөөр хэлбэл хүний оршин байгаа нь ямар учиртай юм гэж бодохоос

биш Монголчууд оршин байгаа нь ямар учиртай юм гэж бараг л бодохгүй. Тэгэхээр нийгэм тийм ч их хамааралтай биш байж болно. Гэхдээ аливаа юм, киноны хувьд ч гэсэн бага зэрэг хайрцганд ороод ирэхээрээ илүү үр өгөөжтэй болдог. Сэтгэлгээ гэдэг бол хил хязгааргүй ертөнц боловч ямар нэгэн сэдвийг бага багаар хөндөж нийгэмтэй харьцаж байж бодит биелэлээ олно.

-За тэгвэл Монгол уран бүтээлчдээс, Монголын кино урлаг?

-Монголын кино урлаг гэж ярих үнэхээр хүндрэлтэй. Надад урлаг гэдэг зүйл тийм ойр сонсогддоггүй. Яагаад гэвэл би сэтгэлгээний, экспериментал кино хийж байна. Би өөрөө математик суурьтай байсан учраас сэтгэлгээний тал руу илүү тэмүүлдэг. Урлаг талаас нь бол аливаа юманд гоо зүй байх ёстой. Гоо зүй гэдэг утгаар нь ярихаас урлаг гэдэг утгаар нь хүндрэлтэй. Жишээ нь Монголын кино гэхэд Монголын киночид кино бол урлаг гэж хараад, урлаг учраас найруулагч бол урлагийн хүн байх ёстой гэдэг. Урлагийн хүн гэдэг чинь ийм уянгалаг, ийм гоё үйл явдлыг ингэж харуулах ёстой. Тэгээд үйл явдал нь ч гэсэн тийм уярам байх ёстой гэдэг. Зарим нэг кинон дээрээс л би тэгэж хэлэх гээд байна, би цөөхөн хэдэн киног нь л авч үзээд тэгж ярих гээд байна. Тэгээд бусад нь бол ойлгомжтой шүү дээ. Монголын киночид зүгээр л шал өөр зорилготой хүмүүс. Театруудаар гараад байгаа кинонуудын найруулагчид өөр зорилготой хүмүүс юм, өөр зорилготой хүмүүстэй юм ярина гэдэг бол утгагүй. Жишээ нь контемпорари зураач хүнтэй ярих юм бол би ойлголцоно. Энэ хүмүүс сэтгэлгээг чухалчилдаг. Аан харин бизнесмен хүнтэй, тодруулбал, кино хийдэг найруулагч гэгдэх хүнтэй мөнгөний талаар л ярина. Ийм киног ийм мөнгөөр ингэж хийнэ. Ийм үзэгчидийг ийм үнээр ингэж цуглуулна. Тэгээд иймэрхүү хэмжээний ашиг орлого олно гэх мэтээр. Энэ чинь бизнесийн асуудал. Энд нэг их буруу зөв өгөөд байх нь хаашаа юм, зүгээр л бизнесийн асуудал. Кино өөрөө өөрийнхөө хөгжлөөр сэтгэлгээрүү явахад анхнаасаа бизнесмэн хүний хувьд хүндрэлтэй. Хүний сэтгэлгээг баясгана гэдэг чинь өөрөө бизнесмен хүний асуудал биш. Бизнесмэн хүмүүс, тухайлбал магадгүй хошин шогийнхон кино хийхдээ яг тэр хошин шогийн бизнесээ л хийнэ. Магадгүй драм талын урлагийнхан бол кино хийхдээ урлагаа л хийнэ. Сэтгэлгээ хийхгүй. Сэтгэлгээ хийх гэхээр тэдэнд тийм суурь байхгүй. Драмынхан нэг тийм хашгирсан, уйлсан кино хийдэг.

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.