Метронд таарсан хоёр бүсгүй

Жирийн нэг өдөр. Бага зэрэг үүлтэй, овоо гайгүй салхитай байсан нь тэмдэглүүштэй. Үнэндээ бол сайхан санагдаж байсан. Орой болтол номын санд сууж байгаад гэртээ харихаар явдаг сурсан зам минь. Энэ амьдралыг хэн нэгэн үүлэн дээр суучихаад дээрээс минь ажигладаг бол ердөөл 8-ын тоо шиг ганцхан тод хар зам байгаа. Энэ заманд ямарч товчлол, өөрчлөлт байхгүй.
Гэвч тэр намайг тоож үүлэн дээрээсээ буугаад надтай ганцхан ч болтугай үг солих юм бол би хичнээн олон замаар явсан нь, хэзээ, хаана шинэ замаа эхэлж хуучин замаа дууссан нь мэдэгдэхгүй. Яг эгэл бөөмийн тариектори шиг л замыг харах болно. За даа, тэр зөөлөн, хөнгөхөн үүл хөлөглөн тэнгэрт нисэгч бурхад төмөр зам дээгүүр явдаг хатуу унаа хөлөглөгч намайг тоох нь юу л бол. Дэмий бодол л доо. Нэгэнт ийм хуучинсаг үзэл миний толгойд ноёлох учир нөгөө өдөр тутмын цаг үрэх зорилгоор зурсан, үрчийсэн цаасан дээрхи том бөөрөнхийгөө хараад суучихана шүү дээ. Энэ бөөрөнхий надад их тус болдог юм. Сэтгэл санааг минь тогтвортой тайван байхад, улмаар гадны сөрөг нөлөөнөөс ч хамгаалдаг байх. За тэгээд удалгүй хиймэл салхи сэвэлзээд нөгөө дээр ярьсан миний унаа ирж буй бололтой. Метро. Гэр хүртэл нилээд хэдэн буудал дамжин өнгөрөх тул би нөгөө бөөрөнхийгөөс салахгүй шүү дээ. Өөр арга ч байхгүй. Хоосон суудлууд дунд ганц хоёрхон нойрмог царайтай уйтгарт царайтай хүмүүсийг ажиглахаараа л, өрөвдөхөөрөө л нэг боллоо. Одоо би өөрөө тэдний нэг болсон нь ойлгомжтой. Ийнхүү элдэвийг бодож суутал метро маань эхнийхээ дамжих буудал дээр зогсож буй бололтой. Гэтэл гаднаас метроны хүнгэнэх чимээг эвдэн шингэхэн уянгалаг хоолойгоор жиргэх шувууд шиг үзэсгэлэнт охидууд хоёр гураваараа ч биш бүр ес араваараа орж ирэх нь тэрээ. Өнөөдөр чинь юу болох нь энэ вэ?Бидний зовлонт нүдтэнгүүд хормын дотор царайгаа хувилан, инээмсэглэл тодруулан бие биерүүгээ дохих нь ажиглагдав. Тиймээ, эдгээр шувууд өнөөдөр зугаалж яваа нь ойлгомжтой. Шар, ногоон, цэнхэр, ягаан, улаан гээд л олон өнгийн шувуудыг бид бас хооронд нь харьцуулан шохоорхох боломжтой байх юмаа. Ийнхүү шувуудын жиргээнд нар жаргахыг харан сууж буй мэт сэтгэгдэл төрөн байх үед нэгэн бусдаасаа даруухан хувцасласан, гялалзсан нүдтэй хөөрхөн охин миний хажууд ирж суув. Тэр бусадтайгаа адил жиргэх дургүй нэгэн бололтой. Тиймээ тэр өөр хоолойгоор, илүү уянгалаг хоолойгоор, утга учиртай жиргэх дуртай юмсанж. Тэрээр цүнхээ уудлан хэзээний юм шиг дэвтэр, харандаа гаргаж ирээд юм бичиж эхлэв. Би нүднийхээ булангаар тэр охиныг харж байв. Бас хийж буй зүйлд нь ч анхаарал хандуулахгүй байж чадсангүй. Гэтэл тэр юм бичээгүй юм байна, тэр зурж байв. Тэр тусмаа түүний зургийн бяцхан дэвтэр дээр нүцгэн бүсгүй доош харан хэвтэж байв. Тэр бүсгүйн нуруу, хөх, бэлхүүс, өгзөг, хөл гээл бүтэн биеэрээ надад ил харагдаж байв. Би түүнээс харц салгаж чадсангүй. Гэнэт энэ чинь юу болж байна, анхаарал алдаж байна уу даа гэж бодон зураач бүсгүйрүү хартал тэр аль эрт намайг анзаарчихжээ. Надтай инээмсэглэн мэндлэв, магадгүй бага зэрэг шоолонгуй. Би үнэхээр юу гэж хэлэхээ мэдэхгүй байв. Маш сайхан зураг байна гэдэг үг л толгойд орж ирсэн нь харамсалтай. Ингээд бид хоёрын дунд буй хана аль эрт нурчихсан, ойр зуур юм ярьж эхлэв. Тэр бүсгүйн нүд ямар хөөрхөн юм бэ, мөн хоолой нь ч гэсэн. Тэр бас миний бөөрөнхийний тухай сонирхож байсан. Ийнхүү нөгөө олон буудал дамждаг метроны удаан, уйтгарт аялал маань түүнийг - чи аль буудал дээр буух вэ? гэж асуухад л маш хурдан өнгөрсөн нь мэдэгдэж миний буух буудал ирчихсэн байв. 2004 он

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.